Tuesday, June 14, 2011

Хүн Сармагчингаас үүссэн үү ? хоёрдугаар хэсэг

Бүтээлийн онол.(Энэ онолыг хэн ч үл зохиосон ба бид ТҮҮГЭЭР бүтээгдсэн)
“Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ” (Эхлэл 1:1). Тэнгэр, огторгуй, газар, дэлхий түүн доторх далай тэнгис, уул даваа, ургамал ногоо, ой мод, загас жараахай, болон хүмүүс биднийг Ертөнцийн Эзэн Бурхан бүтээжээ. Бурханы үг буюу энэ орчлон ертөнц үүссэн цагаас эхлэн бичигдсэн хамгийн анхны ном болох Библид энэ талаар маш дэлгэрэнгүй бичигдсэн байдаг.
1. Бурхан танд хайртай бөгөөд өөрийгөө биечлэн танилцуулахын тулд таныг бүтээсэн.
“тэгээд Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв” (Эхлэл 1:27). Ертөнцийн эзэн бидэнд хайртай бөгөөд өөрийгөө биечлэн танилцуулахын тулд биднийг бүтээсэн. Тийм учираас бид учир шалтгаангүй хувьсалын явцад бий болоогүй, харин бүр төлөвлөгдсөн агуу хайрын үр дүнд бий болжээ. Тэгэхээр орчлон ертөнц түүн доторхи бүхийл зүйлсийг Бурхан бүтээсэн юм бол хүн сармагчин болон бусад амьтан ДНХ болон гаднах төрхийн хувьд хоорондоо адилхан байх нь гарцаагүй юм. Жишээлбэл онгоцийг нэг хүн зохион бүтээсэн тул дэлхий дээрх бүхийл онгоцнууд хоорондоо адилхан төсөөтэй олон загварууд байгаа юм. Бүгд ижилхэн далавчтай, сэнстэй хөнгөн металл болох хөнгөнцагаанаар хийгдсэн байдаг. Тэгэхлээр хүн сармагчингаас үүссэн бус харин хүн сармагчин хоёрыг нэг зохион Бүтээгч бүтээсэн ажээ.
“Эзэн Бурхан тоос шорооноос хүнийг бүтээж, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд оршигч болжээ” (Эхлэл 2:7). Хүмүүс бидний махан бие тоос шорооноос үүссэн нь үнэн юм. Учир нь шороонд агуулагддаг бүхийл эрдэс бодис, элементүүд (Au, Ag, Fe, Al, Ca, K, Cu) бидний биенд байдаг төдийгүй бид энэхүү эрдэс бодис, элементээ эргэн тойрон дахь агаар ус, хоол унднаасаа нөхөж авж байдаг. Бурхан бидний махан бие болон Сүнсийг бүтээснээрээ бидний Эцэг болсон юм. Тиймдээ ч түүний тэрхүү агуу хайрийг бидний өчүүхэн оюун бодол хэрхэн ойлгох билээ дээ. Шинжлэх ухаан аль хэдийн Сүнсийг хаана байдаг, ямар хэмжээ хэлбэртэй, жинтэйг нь хүртэл тооцоолжээ. Бид ийнхүү ямарч учир шалтгаангүй хувьсалын явцад үүссэн бус харин маш бодитойгоор Бурханы агуу хайраар төлөвлөгдөн бүтээгдсэн ажээ. Хүмүүс бид үнэхээр Бурханы гайхамшигт бүтээл байсан төдийгүй өөрийн бүтээгчтэйгээ хайр дотор нь үргэлжид хамт байлаа. Гэвч Бурхан биднийг сонголттойгоор, эрх чөлөөтэйгээр бүтээсэн. Гэтэл бид энэ чөлөөт сонголтоороо гэмийг сонгож, гэмийн боолчлолд орох болсон.
2. Гэвч гэм нүгэл биднийг өөрсдийн Бурханаас ойртохын аргагүй ихээр холдуулсан.
Хүн болон Бурханы хоорондох тэрхүү ариун нандин харилцаа гагцхүү хүмүүс бидний өдөр болгон цаг, минут болгон үйлддэг гэм нүгэл болон гэмт чанараас болж таслагджээ. Тийм учираас бид түүнтэй ойртон хайр энэрэл нь хэр зэрэг их болохыг амьдрал дээр харах чадваргүй болжээ. Учир нь Бурхан төгс төгөлдөр төдийгүй Ариун, Ариун, Ариун юм. “Түмэн цэргийн Эзэн Ариун, Ариун, Ариун. Бүх л газар түүний алдраар дүүрэн байна.”(Исаиа 6:3).
Харин хүмүүс бид төрөхдөө хүртэл маш их гэм нүглийг биедээ тээж төрдөг. Учир нь хамгийн анхны хүн Адам, Евагаар дамжин гэм нүгэл бидний амьдралд хар мөр тээж орж ирсэн. “Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь ирсний адил нүглээр нь үхэл иржээ. Тиймээс бүгд нүгэл үйлдсэн тул үхэл нь бүх хүнд иржээ.” (Ром 5:12)
Хүн гэм нүгэлтэй төрдөг хэрнээ гэмийг цаг,минут тутам заримдаа санаатай болон санаандгүйгээр үйлддэг. Түүгээр ч үл барам гэм нүгэл үйлдэж яваагаа бид мэддэггүй. Бурхан бидэнд хэрхэн зөвт амьдрах талаар арван хуулийг өгсөн. Үүний эхний дөрвөн хууль нь өөрсдийн Бурханаа хайрлах тухай, дараагийн зургаа нь хүнийг хайрлах талаар заадаг.
Бурханы бидэнд өгсөн Арван хууль
1. “Чи надаас өөр бурхадтай байж болохгүй!”
2. “Чи өөртөө зориулан шүтээн эсвэл дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан доторх юмний ямар нэг дүрсийг бүү хий!”
3. “Чи өөрийн Бурхан ЭЗЭНий нэрийг дэмий хоосон бүү дурд!”
4. “Амралтын өдрийг ариунаар сахихын тулд санагтун!”
5. “Чи эцэг эхээ хүндэл!”
6. “Чи хүн бүү ал!”
7. “Чи бүү завхайр!”
8. “Чи бүү хулгайл!”
9. “Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил!”
10. “Чи хөршийнхөө гэр оронд бүү шунахайр! ... юунд ч бүү шунахайр!”
(Египетээс гарсан нь: 20-р бүлэг)
Энэ хуулийг дагавал бид гэм нүглийн улмаас ирэх үхлийн хараалаас чөлөөлөгдөх юм. Гэтэл хүмүүс бид Бурханаа хайрлахаас илүү гэмийг хайрладаг....
“Тэд бүхийл зөвт бус байдал, хорон муу, шунал, бузар булайгаар дүүрэн, атаа жөтөө, аллага, хэрүүл, заль мэх, хар санаагаар дүүрэн, хов жив яригч, гүтгэгч, Бурханыг үзэн ядагч, дээрэлхүү, их зантай, сагсуу, хорон мууг санаачлагч, эцэг эхдээ дуулгаваргүй, ухваргүй, найдваргүй, үл хайрлагч, өршөөл үзүүлдэггүй хүмүүс ажээ. Ийм зүйлсийг үйлдэгч нь үхвэл зохино гэсэн Бурханы зарлигийг тэд мэддэг хэрнээ өөрсдөө үйлдээд зогсохгүй, харин ч бусдыг үйлдэхэд нь сайшаадаг ажээ.” (Ром 1:29-32)
Бурханы хувьд гэм бүр адилхан. Хүн алсан ч бай худал хэлсэн бай энэ нь ялгаагүй гэм юм. Бид хүнийг үзэн ядах нь түүнийг алсантай, өөрийн нүдээрээ бусдыг завхайран тачаадан харах нь завхаарсантай, эцэг эхийнхээ үгэнд үл орох нь тэднийг үл хүндлэсэнтэй адил болох юм. Махан бие үүнийг үйлдээгүй ч аль хэдийн сүнс таны дотроос үйлдчихсэн тул сүнсэнд очих шийтгэл нь адил юм. “Учир нь бүх хуулийг сахивч нэг дээр нь бүдрэх хэн боловч бүх хуулийг зөрчөн болно.” (Иаков 2:10) Бурханы бидэнд өгсөн арван хуулиар өөрийгөө шалгаад үзээрэй.
Бүх хүн гэм нүгэлтэй учираас бүгд үхэх нь зайлшгүй юм. Учир нь хүн дан ганц махан биеийн хувьд дэлхий дээр үхээд, шорооноос үүссэн нь буцаад шороондоо буцах төдийгүй сүнсэн бие хаанаас ирсэн мөн тийшээгээ буцна. Гэм нүгэлтэй бидний сүнс хаана очих нь тодорхой энэ нь мөнхөд халуунаар эргэлдэн шатах хүхэрт галт нуур болох там юм. Үүнд хаягдсан хүн хэзээ ч гарч чадахгүй. Энд хүмүүс мөнхөд шатаж тарчилан шүдээ хавирах ба энэ нь мөнхөд үргэлжилэх учир үүнийг Библид “Мөнхийн зовлон буюу ТАМ” хэмээжээ. “Энэ үеийн төгсгөл ч мөн ийм байх болно. Тэнгэр элч нар ирж зөвт хүмүүсийн дундаас муу хүмүүсийг ялгаж, тэднийг галтай зууханд хаяна. Тэнд тэд уйлж шүдээ хавирах болно.” (Матай 13:49-50) Там бол бодит газар учир нь бид зөвхөн үзсэн харсандаа итгэх нь чухал биш.
Хүмүүс бид гэм нүгэл үйлдсэн хойноо сэтгэл санаагаар унадаг, зүрх сэтгэл баяр хөөргүй болдог. Энэ нь бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэнтэй холбоотой. Бид энэ хорвоо дэлхий дээр бий болохдоо л Бурханд хамааралтайгаар Түүний төлөвлөгөөнд тусгагдсан байдаг. Гэм нүглээс болж Бурхан бидний хооронд ойртохын аргагүй асар их зай бий болсон. Тиймээс үргэлж бид Ертөнцийн Эзэнрүү тэмүүлсэн өөрийн хүчин чармайлтаар болон сайн үйлсээр, гүн ухааны онол болон шашины сургаалаар дамжуулан түүнтэй ойртож, холбоо тогтоохийг эрмэлзэж байдаг. Жишээлбэл “нүгэл бага үйлд харин буян их хураа” хэмээн хүмүүс их ярьдаг. Гэхдээ савтай сүүг дусал хөрөнгө бүхэлд исгэж чадна шүү дээ. Бидний сайн үйлсийг ганцхан удаа худал хэлэх л нурааж чадна. “Энэ нь ингэж бичигдсэнчлэн “Зөвт хүн алга. Ганц ч алга” (Ром 3:10). Тэгэхлээр энэ дэлхий дээр нэг ч хүн ҮХЭЛ(ТАМ)-ын хараалаас мултарч үл чадна.
Бурхан та бидэнд маш их хайртай учир түүнд бидний талаар бэлдсэн гайхалтай төлөвлөгөө байлаа. Түүнд энэ хараалыг нурааж биднийг аварч чадах ганц зүйл байлаа.
3. “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм”(Иохан 3:16).
Бурхан шударга учираас бид бүгд гэм нүглийнхээ төлөөсөө төлөх шийтгэл хүртэж тамд очих нь зохистой байв. Харин түүний хайр биднийг аварсан юм. Орчлон ертөнцөд нэг хүнээр дамжуулан гэм нүгэл нэвтэрсэний адилаар мөн нэг хүнээр дамжуулан хүн төрөлхтөнийг аврах төлөвлөгөө Бурханд байв. Тэр нь Есүс Христ байв.
Есүс Христийн талаар Библийн хуучин гэрээн дээр 300 гаруй зөгнөл байсан юм. Түүнийг хэний удмаас, хэнээс, юун дээр, хаана төрөхөөс эхлээд ямар ямар гайхамшиг үйлдэж хэрхэн юуний төлөө амь насаа цусаа урсгахыг хүртэл бичсэн байдаг.
Түүний төрөлт онцгой ер бусын байлаа. Тэрээр энэ дэлхий дээр онгон эмэгтэйгээс Ариун сүнсний хүч чадлаар бүрэлдэж бий болж төрсөн цорын ганц хүн байв. Энэ нь түүнд махан биеийн эцэг байхгүй байсныг илтгэх ба Бурханы хүү гэдэг нь батлагддаг. ““Харагтун, онгон бүсгүй Хүүхэдтэй болж Хүү төрүүлнэ. Тэгээд тэд Түүнийг Иммануел (орчуулбал “Бидэнтэй хамт буй Бурхан”) гэж нэрлэнэ” гэсэн юм.” (Матай 1:23) Энэ нь Бурхан хүний дүр төрхөөр дэлхий дээр бууж ирсэн гэсэн үг юм.
Түүний сургааль онцгой эрх мэдэлтэй байсан ба олон олон гайхамшигт үйлсийг бүтээж байлаа. Есүс Христ Бурхан мэт эрх мэдэлтэйгээр сургааль номлолоо зааж байв. Тэрээр үхсэнийг амь оруулаж, өвчтэй нэгэнийг эдгээж, байгалийн хүчийг захиран, чөтгөрүүдийг хөөж, олон олон гайхамшигуудыг үйлдэж байлаа. Энэ нь түүнийг хүн биш Бурхан гэдгийг харуулж байв. Хүн хэзээ ч үйлдэж үл чадах гайхамшигийг тэрээр эрх мэдэлтэйгээр үйлдэж байв. Түүний талаар сонссон, Түүнийг үзсэн, харсан бүх хүмүүс Түүнийг дагаж байв.
Түүний амьдрал онцгой ариун байв. Түүний үг сургааль үйлдэл нь таардаг байв. Есүсийн дагалдагч, дайсан, түүний эргэн тойрон байсан бүх хүмүүс түүнийг ямар ч гэм зэмгүй хэмээн ярьж баталж байв. Энэ дэлхий дээр цор ганц Есүс л “Намайг нүгэлтэй гэх хүн та нарын дотор байна уу?” (Иохан 8:46) хэмээн асууж чадах байх. Учир нь Есүс Христ энэ дэлхий дээр гэм нүгэл үйлдээгүй цорын ганц хүн байв.
Түүний үхэл хүртэл онцгой зорилгоор төлөвлөгдсөн байсан. Хүмүүс бидний өнгөрсөн, одоо, ирээдүйн, бүхийл бузар булай гэм нүглийг тэрээр өөртөө тохож, өөрөө тэрхүү гэм нүглийнхээ хараал нь болж үхэх ёстой байсан ба тэр ч ёсоор тийн үхжээ. “гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. ... Тэр тамлагдсан, зовсон боловч амаа нээсэнгүй. Алагдахаар хөтлөгдөх хурга шиг, хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй.” (Исаиа 53:5,7)
Есүс модон загалмайнд цовдлуулан үхээд гурав дахь өдрөө Библи дахь бичээсийн дагуу амь оров. Өөрийн дагалдагчдаасаа эхлэн таван зуу гаруй хүмүүст үзэгдээд тэнгэрлүү өргөгдөж алга болов. “Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн бөгөөд оршуулагдан, Судрын дагуу гурав дахь өдөр өө амилуулагджээ. Тэрээр Кефт, дараа нь өнөөх арван хоёрт үзэгдэв. Үүний дараа Тэр таван зуу гаруй ах дүү нарт нэг мөчид үзэгдсэн бөгөөд одоо болтол тэдний олонх нь амьд байна. Харин зарим нь нойрсжээ.” (1Коринт 15:3-6)
Хүний гэмт чанарыг устгах цорын ганц хүч бол Есүс Христ мөн. Зөвхөн түүгээр дамжин бид Ертөнцийн Эзэнтэй ойртож хайр энэрэлийг нь амьдрал дээр харж, ойлгож чадна. Бурханы энэхүү гайхамшигтай хайрийг ойлгох нь бидэнд хамгийн чухал ба энэ нь бидний авралын тулд юм. Есүс Христ биднийг аврахын тулд амиа өгсөн. Аврал нь зөвхөн Есүс Христээр дамжин ирнэ. Есүс Христ бол Ертөнцийн Эзэнд хүрэх цорын ганц зам мөн. “Есүс, -Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6)
Есүс Христ бидний төлөө загалмай дээр цовдлуулан алуулсан нь хүн болгон аврагдана гэсэн үг биш юм. Бидний зүгээс Есүс Христийг амьдралдаа хүлээж авах нь зайлшгүй хэрэгтэй.
4. Бид итгэлээрээ Христийг хүлээн авдаг.
Есүс Христ бидний аврагч Эзэн болохыг хүлээн зөвшөөрсөн цагтаа л бид Ертөнцийн Эзэнийг танин мэдэж, хайрыг нь амьдрал дээр харж чадна.
1. Бурхан болон таны хооронд буй хамгийн том хаалт хана болсон зүйл нь гэм нүгэл юм. Тэгэхлээр эхлээд өөрийн нүглүүдээ хүлээн зөвшөөр. Та гэм нүглээ хүлээн зөвшөөрөхөд Тэнгэрийн Хаант улсад найр наадам болдог. Бурхан танд ямар их хайртай гээч.
2. Зөвхөн Есүс Христээр дамжин Бурханд хүрнэ гэдэгт итгэ. Тэр л зөвхөн таныг бүтээсэн. Таныг аварсан шүү дээ. “Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хооронд ганц Зууч байна. Тэр нь хүн болох Христ Есүс билээ.”(1Тимот 2:5)
3. Өөрийн нүглүүдээ гэмш. Есүсээс “миний гэмийг уучлаач” хэмээн заавал зүрхэндээ гэмшин хэлээрээ. Заавал гэмээ улайж, Түүнд хэл. “Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ.” (1Иохан 1:9)
4. Есүс Христэд итгэ. Учир нь тэр л зөвхөн таныг гэм нүглийн боолчлолоос аврах болно. “Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл аврагдах болно.” (Ром 10:9)
Өөрийн зүрх сэтгэл, амьдралдаа Есүс Христийг хүлээн ав. Чи түүнд зүрх сэтгэлийнхээ хаалгыг нээж чадна. “Харагтун. Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний дотор орж, түүнтэй хамт, тэр надтай хамт хооллоно.” (Илчлэлт 3:20)
Та Христэд итгэлээ илэрхийлэн гуйвал одоо ч хүлээн авч болно. Гуйлт гэдэг нь Ертөнцийн Эзэнтэй ярихыг хэлнэ. Таны сэтгэл зүрхийг Бурхан сайн мэднэ. Тиймээс хэлэх үгийг бус зүрх сэтгэлийг тань илүү анхаарна. Тэгвэл та дараах маягаар гуйж болно:
“Их Эзэн Есүс минь ээ, би Таньтай биечлэн танилцахыг хүсч байна. Миний гэмийн төлөө загалмай дээр нас барсанд тань талархъя. Би сэтгэл зүрхээ нээж таныг Аврагч Их Эзэнээ болгон хүлээн авъя. Миний бүх гэмийг уучилж надад мөнх амийг өгсөнд тань талархъя. Амьдралыг минь удирдан захирч, хүссэн ёсоороо намайг өөрчлөөч.”
Ийм маягаар зүрх сэтгэлээ та Түүнд нээвэл одоо ч аврагдах боломжтой. Танд сонголт бий. Бурхан таныг эрх чөлөөтэй сонголттойгоор бүтээсэн шүү дээ. Тэрхүү сонголтоор бид нэг удаа гэм нүглийг сонгосон бол одоо өөрийн амьд үнэн Бурханаа сонгох боломж яг одоо таньд ирж байна. Бид Бурхан ийм, тийм энэ, тэр хэмээн цэц булаалдаж маргахаас илүү Бурханд итгэх нь хамгийн чухал. Учир нь Бурханы бүтээсэн оюун бодлоор Бүтээгчээ цэгнэж дүгнэх нь боломжгүй юм. Бидэнд итгэхээс өөр арга байхгүй.
Та одоо Христтэй биечлэн холбоо тогтоолоо. Та өөрийн хүслийн дагуу итгэлээрээ Есүс Христийг хүлээн авах мөчид олон үйл явдал болсон.
1. Христ амьдралд тань орсон.(Илчлэлт 3:20) (Колоссай 1:27)
2. Таны бүх гэм уучагдсан. (Колоссай 1:14)
3. Та Ертөнцийн Эзэний хүүхэд болсон. (Иохан 1:12)
4. Та мөнх амийг хүлээн авсан. (Иохан 5:24)
5. Ертөнцийн Эзэний танд төлөвлөсөн гайхамшигт амьдралыг та эхэлсэн.
Би амьдралдаа анх Христ Есүсийг хүлээн авахад надад бас ийм олон зүйлс тохиолдосныг тэр үедээ сайн мэдээгүй ч одоо бол маш их зүйл Бурхан дотор өөрчлөгджээ. Би Христ Есүст итгэсэн цаг мөч өө амьдралынхаа хамгийн аз жаргалтай мөч хэмээн үздэг. Миний гэр бүл, миний амьдралын бүхийл зүйлс эргэн харахгүйгээр сайхан болж өөрчлөгдсөн. Бурхантай хамт надад сайн, муу олон зүйлс тохиолдож байсан. Гэхдээ эцэст нь энэ бүхэн миний сайн сайхны төлөө байсан ажээ. Одоо ч гэсэн би адал явдал, хайр, аз жаргалаар дүүрэн Бурхантай хамт алхалж явна. Бурханы надад бэлдсэн ямар агуу гайхамшигтай төлөвлөгөө байгааг би мэднэ гэхдээ чухам яг юу байгааг нь би үл мэднэ. Гэхдээ би Түүнд итгэж байна. Эцэст нь би өвчин зовлонгүй, аз жаргал, амар тайвнаар дүүрэн “МӨНХИЙН УЛС”-д Есүс Христтэй, мөн зөндөө олон аврагдсан ах дүүс, хайртай хүмүүстэйгээ хамт байна гэдэгтээ итгэж байна.
Бурхантай хамт байх амьдрал үнэхээр гайхамшигтай адал явдлаар дүүрэн, та ачаагаа баглаад өөрийн хөлөг онгоцон дээрээ Бурхантай хамт аялалдаа бэлдээрээ. Түүнд таны талаар бэлдсэн гайхамшигтай төлөвлөгөө бий. Үүнийг хэн хэн маань ч үл мэднэ. Харин зөвхөн Ертөнцийн Эзэн л мэднэ. Таньтай Бурханы нигүүсэл үргэлж хамт байх болтугай.
Цэндсүрэнгийн Цог-Очир

No comments:

Post a Comment

Зарлиг баннер